БШУ-ы сайдын зөвлөлийн хуралдаанаар ШУТИС, Манчестерийн техникийн их сургуулийн магистр Н.Нацагнямын бүтээлийг 2013 оны техник, технологийн салбарт олгох Засгийн газрын шагналд нэр дэвшүүлжээ.

Засгийн газрын хуралдаанаар шинжлэх ухааны салбарын 2013 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг инженер Н.Нацагнямын бүтээлд олгохоор шийдвэрлэсэн байна. Тус шагналыг 100 сая төгрөг дагалддаг аж. Инженер Н.Нацагнямын дээрх бүтээлийг бүх станцад суурилуулан, реактив чадлын асуудлыг нь шийдсэнээр манай улсын эрчим хүчний систем ОХУ-аас хамааралгүй болж, эрчим хүчний системийн ослын үед ч бие даан найдвартай ажиллан, олон тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэх юм байна. Түүнчлэн энэ бүтээл нь БНХАУ-ын ижил төрлийн бүтээлээс арав дахин хямд, Монголын түүхэнд анх удаа бүтээсэн гэдгээрээ онцлог аж.

Н.Нацагням “Би энэ бүтээлээ хийхэд дөрвөн жил зарцуулсан. Англид ийм бүтээл хийхэд 4-5 жил зарцуулж, түүнийгээ 40-50 жил худалддаг. Бид арван станц барьсан ч реактив чадлаа өөрсдөө шийдэхгүй бол ОХУ-аас хараат байсаар байна. Энэ бүтээлийг эрчим хүчний салбарт гэлтгүй бүх салбарт ашиглаж, импортыг орлуулах боломжтой” гэв.