il zahidalМонгол улс хэмээх нэгэн их айлыг гал алдуулахгүйгээр гэрэл гэгээтэй, дулаан байлгаж нийгэм эдийн засгийн амьдралыг нь хэвийн явуулахын тулд эрчим хүчний салбарын ажиллагсад арга ухаан, ур чадвар,чаддаг бүхнээ дайчлан ажиллаж байна. Гэвч эрчим хүчний салбар одоогоор туйлын хүнд нөхцөл байдалд ороод байгаа тул төрийн тэргүүнээр сонгогдохоор өрсөлдөж буй Та бүхний сонорт энэ байдлыг хүргэн учирлаж цаашид өрх гэрийнхээ гал голомтыг өнөд бадраан бат оршоох талаар сэтгэлээн чилээж санаа тавих болов уу хэмээн ихэд итгэл найдвар өвөрлөн энэхүү эрчим хүчний инженерүүдийн ил захидлыг хүргүүлж байгаа учир нь : 

1.Монгол улс 2012 оноос эхлэн эрчим хүчний чадлын дутагдалд орж эхэлсэн учир өнгөрсөн өвлийн их ачааллыг нийт цахилгааны хэрэглээний 20 хувийг ОХУ-аас импортлон байж чадан яадан давлаа. Хэрэглэгчдийг цахилгаанаар хязгаарлан, дулаанаар гачигдуулан  ард олноо бухамдуулан байж өвлийг өнгөрөөлөө. Хэдийгээр Засгийн Газрын зүгээс Дарханы цахилгаан станц, 4-р цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Амгалан дулааны станцыг барих шийдвэр гаргасан боловч эдгээр ажлууд нь энэ ондоо багтаж дуусхааргүй төлөвтэй байна. 2013-2014 оны өвөл улс орон эрчим хүчээр дутагдаж нийгэм эдийн засгийн амьдралд ноцтой хүндрэлийг үүсгэж болзошгүй. Яригдсаар 10 жилийнхээ ойтой золгож буй шинэ эх үүсвэр барьж байгуулах асуудал өнөөдрийг хүртэл эцсийн байдлаар тодорхой шийдэгдээгүй бололтой. 5-р цахилгаан станцын газрын геодизийн судалгааны ажил, байгаль орчны үнэлгээ одоог болтол хийгдээгүй байна. Ажил нь удахгүй эхлэнэ, гэрээ хэлэлцээрийг нь хийж байна гэх мэт мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж олон нийт хууртагдсаар сууна. Олон улсын практикт газар шорооны ажил эхэлснээс хойш анхны төхөөрөмжийг ажиллагаанд оруулахад 4-н жил зарцуулагддаг жишиг байдаг. Иймд Монгол улсын маань зүрх нь болсон Улаанбаатар хотыг хэрхэн хөлдөөхгүй өвлийн их ачааллыг даван туулах вэ? Эрчим хүчнээс хамааралтай улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хэрхэн хангах вэ? Эдгээр асуудал нь өрхийн тэргүүний хувьд үнэхээрийн сэтгэлээн чилээж  анхаарлаа хандуулан гуйваж дайвахгүйгээр эцэслэн шийдвэрлүүлж шинэ эх үүсвэр барих ажлыг нэн даруй эхлүүлэх цаг болсныг сануулж байна.

 

2.Эрчим хүчний үйлдвэрүүд 60 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байхад үнэ тарифын оновчтой зохицуулалтыг хийхгүй байгаагийн улмаас эрчим хүчний салбарын санхүүгийн чадамж доройтож эдийн засгийн хямралд ороод байна. Энэ хямралт байдлаас үүдэн тогтмол хийгдэж байх ёстой тоног төхөөрөмжийн засварын ажлууд дутуу дулимаг хийгдэж эрчим хүчний найдвартай ажиллагаа алдагдаж,  улмаар хэрэглэгчдийг цахилгаанаар хязгаарлаж дулаанаар гачигдуулах явдал жирийн үзэгдэл болов. Эдийн засгийн хямрал нь салбарын нийт ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдэж чадахгүйд хүргэж тэдний амьдралын баталгааг алдагдуулж байна. Эрчим хүчний нарийн мэрэгжлийн инженерүүд, ажилчид  өндөр цалинтай уул уурхайн салбар руу олноороо шилжин суурьшиж эхэллээ. Иймд эрчим хүчний үнэ тарифын оновчтой зохицуулалтыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.

3.Эрчим хүчний үйлдвэрүүд 100 хувь төрийн өмчтэй байгаа нь салбарын үйл ажиллагаанд олон нийтийн зүгээс тавих хяналтгүй болгож байгаа юм. Төр өөрөө менежмэнтийг нь хийдэг боловч эрчим хүчний салбар нь олон нийтийн байнгын хараа хяналтанд байсаар ирсэн, цаашдаа ч байх нь ойлгомжтой, бултах газаргүй. Ийм учраас  олон нийтийн өмчлөлийг /ард иргэд, хувь хүмүүс, ажиллагсад, хэвлэл мэдээлийн хэрэгслэлүүд болон бусад хуулийн этгээдүүд/ энэ салбарт бий болгохыг нөхцөл байдал хэлээд байна. Зохистой харьцаа нь төрийн өмч 51 хувь , олон нийтийн өмч 49 хувь гэж үзэж байна. Үүний тулд төрийн өмчийн 49 хувийг дотоодын хөрөнгийн бирж дээр үнэт цаасны арилжаагаар борлуулж олон нийтийн өмчлөлд шилжүүлэх арга хэмжээг авахыг санал болгож байгаа юм.

4.Салбарын боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар төрийн зүгээс өмнө нь бүтээсэн зүйлсээ үгүй хийж байгаа нь тун харамсалтай. Дарханы Политехникум хэмээгдэх Монгол даяараа алдартай байсан мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг сургуулийг татан буулгасан нь мөн харамсалтай.  Үйлдвэр, агентлаг, яам тамгын газарт шинэ залуу боловсон хүчнийг арвин туршлагатай ахмад ажилтнуудыг дагалдуулан сургах, салбарын хамгийн доод ажлын байрнаас эхлүүлэн шат дараатай ажиллуулж улмаар хичээл зүтгэл, арга барил, ажлын амжилт бүтээлийг нь үнэлэн албан тушаалд томилон ажиллуулдаг байсан уламжлалт тогтолцоо нэгэнт алдагджээ. Улс төрийн албан тушаалыг нь бид хэлээгүй харин эрчим хүчний  мэрэгжлийн хүмүүс байрших ёстой ажил албан тушаал дээр олон жилээр бэлтгэгдсэн дадлага туршлагатай мэргэжилтнүүд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломж алдагдсан байгааг эргүүлэн сэргээхийг хэлж байгаа юм.

5. Эрчим хүчний тоноглол үнэхээр хуучирч хоцрогджээ. 2 дугаар цахилгаан станц 52 жил, Дарханы цахилгаан станц 48 жил, 3 дугаар цахилгаан станц 45 жил, Дорнодын цахилгаан станц 44 жил, 4 дүгээр цахилгаан станц 30 жил тус тус ашиглагдаж материалын болоод моралийн элэгдэлд орж үйл ажиллагаа явуулахад улам бэрхшээлтэй болж байна. Станцуудын ажиллах хугацаа нь олон улсын жишгээр 50 жил байдаг. Монголын олон нийт эрчим хүчний салбарыг хуучин үеийн цахилгаан станцуудаар харж төсөөлж, ойлгож мөн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нь тэр хэмжээгээр дүгнэж цэгнэж байна. 21-р зууны дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх цаг нь болсон бөгөөд цаашид хөгширч, насаа хүлээж буй цахилгаан станцуудыг амь тариагаар аргалж чаргалах арга саам хайлгүйгээр дорвитой алхам хийж бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг амьдрал шаардаж байна.

6.Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг байхгүйн улмаас улсын хөгжлийг тэргүүлэн манлайлж явах ёстой эрчим хүчний салбарын хөгжил бусад салбарынхаа хөгжлөөс холоо хоцорч сүүлнээс нь чирэгдэж явах боллоо. Оюу Толгойн төсөл хэрэгжих нь тодорхой байсаар байтал цахилгаан станц барьж чадалгүйгээр БНХАУ-аас цахилгаан импортлоход хүргэж байгаа нь үүний тод жишээ. Иймд эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг яаралтай боловсруулан салбарын мэргэжилтнүүдийн санаа бодлыг нь тусгуулан гаргах ажлыг хойшлуулшгүй хийх хэрэгтэй байна. Ингэснээр улс эх орны хамгийн чухал эрчим хүчний салбар нь сонгууль болж Засгийн газар солигдохоос үл хамааран зөв чиглэл үзэл баримтлалаар хөгжих үндсэн нөхцөл бүрэлдэх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Та бүхнийг эх орноо, ард түмнээ гэсэн чин халуун сэтгэлээр өвөг дээдсүүд маань халуун амь бүлээн цусаараа хамгаалан өвлүүлж өгсөн Монгол хэмээх их айлынхаа гал голомтыг түвшин байлгаж улс орныхоо ирээдүйн хөгжил дэвшлийг хангах зорилгоор бидний учирлан өчсөн эдгээр зүйлсийг сайтар болгооно гэдэгт гүнээ итгэж байна.

 

                     Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо                        2013.06.03