Өнөөгийн эрчим хүчний салбарыг хямралд орсон талаар салбарын мэргэжилтнүүд ярьдаг. Тэгвэл хямралт байдлаас хэрхэн гарах боломжтой талаар Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер, Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Р.Ганжууртай ярилцлаа. 

Тэрбээр эрчим хүчний салбарт 30 гаруй жил ажилласан ахмад мэргэжилтнүүдийн нэг бөгөөд гуравдугаар цахилгаан станцид ерөнхий инженер, Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга, Түлш эрчим хүчний яаманд ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний зохицуулах газрын даргаар ажиллаж байжээ.

-Эрчим хүчний салбарыг алдагдалтай ажиллаж байна, хямралд орсон гэж ярьдаг. Бодит байдал дээр эрчим хүчний салбар ямар нөхцөл байдалтай байна вэ? 
-Монгол Улсын эрчим хүчний салбар хямралд орсон. Санхүүгийн хувьд хямралд орсон. Үүнийг тодорхойлох хоёр үзүүлэлт байна. Нэгдүгээрт, эрчим хүчний салбар 2012 онд 66 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ нь өмнөх оныхоос бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Ер нь сүүлийн жилүүдэд алдагдал буурахгүй, улам өсч байна. Алдагдалтай ажиллаж байна гэдэг нь хямралтай байна гэсэн үг. 



Хоёрдугаарт, 21-р зуун гараад 12 жил болсон энэ хугацаанд завсаргүй алдагдалтай ажиллаж байна. Нэг ч жил алдагдалгүй ажиллаагүй. Энэ нь эрчим хүчний салбар санхүү эдийн засгийн хямралаасаа гарч чадаагүй гэдгийг хэлж байгаа юм. Бас эрчим хүчний салбарт найдвартай ажиллагаа алдагдсан. Үүнийг тодорхой үзүүлэлтээр тодорхойлж болно. Эрчим хүч нь стратегийн салбар учраас 100 хувь найдвартай ажиллах ёстой. Гэтэл одоо 80 хувь нь найдвартай, 20 хувь нь найдваргүй болчихоод байна. Ийм байж ерөөсөө болохгүй. 2012-2013 оны өвлийн үед цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 20 орчим хувийг ОХУ-аас авсан. 

Уг нь эрчим хүчний салбар, эрчим хүчний үйлдвэрүүд 20 хувийн нөөцтэй ажиллах ёстой. Гэтэл нөөцтэй байхын оронд 20 хувийг ОХУ-аас авч, өвлийн их ачааллыг хангасан. Импортын цахилгааны хэмжээ сүүлийн дөрвөн жилд дөрөв дахин өссөн. Импортын цахилгаан 2009 онд 100 гаруй сая кВт.цаг байсан бол өнөөдөр 400 орчим сая кВт.цаг болсон. 

Энэ нь манай дотоодын эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагаа алдагдсан гэсэн үг. Өнгөрсөн оны импортын цахилгааны хөлсөнд 40 тэрбум төгрөг төлсөн. Гэтэл энэ мөнгө нь Дөргөний эсвэл Тайширын усан цахилгаан станцыг барих хэмжээний мөнгө байгаа. Тэгэхээр нэг усан цахилгаан станц барих мөнгөөр гаднаас цахилгаан импортолж байна гэсэн үг. 

-Удахгүй тавдугаар цахилгаан станц баригдахаар хэвийн ажиллагаатай болно гэж байгаа шүү дээ? 
-Манай холбоо, барилга, хөд өө аж ахуйн салбар өндөр төвшинд хүрсэн байна. Гэтэл эрчим хүчний салбар хоцрогдсон байдалтай 20 гаруй жил явлаа. Парис хотод Олон улсын Эрчим хүчний агентлаг гэж байдаг. Энэ байгууллагын статистик үзүүлэлтээс харахад, манай улсын эрчим хүчний салбарын техник технологийн байдал дэлхийн эрчим хүчний хамгийн хоцрогдсон 20 орны тоонд орсон байгаа. Бусад нийгэм, эдийн засгийн салбар нь өсөөд байхад эрчим хүчний салбар нь дэлхийн ядуу 20 орны төвшинд явж байна. 

Тухайлбал, Парагвай, Албани, Замби, Камбож гэсэн орнуудын төвшинд явж байна гэсэн үг. Энэ орнуудын ДНБ-ий нэг хүнд ногдох орлого 1000 орчим ам.доллар байдаг. Манайд 3000 ч юмуу 4000 ам.доллар байна. Ийм доод төвшний орнуудтай манай эрчим хүчний салбар зэрэгцээд явж байгаа нь харамсалтай. Эрчим хүчний салбарт техник технологийн шинэчлэлт хийхгүй болохоор ийм байдалд хүрч байгаа юм. 

Ер нь цахилгаан станцуудын ажиллах жилийг олон улсын стандартаар 50 жил гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатарын хоёрдугаар цахилгаан станц 52 жил, Дарханы цахилгаан станц 48, гуравдугаар цахилгаан станц 45, дөрөвдүгээр цахилгаан станц 30 жил, Дорнодын цахилгаан станц 44 жил насласан байна. Ихэнх нь 50 нас руугаа дөхөж байгаа. Тэгэхээр өнөөдөр эдгээр станцууд үйл ажиллагаагаа зогсоогоод, хөшөө дурсгалаа босгоод шинэ станц барих ёстой. Цоо шинэ станц барих ёстой. Түүнээс биш нэмэлт турбин, зуух тавих асуудал байх ёсгүй. Би тавдугаар цахилгаан станцыг Улаанбаатар хотод барих ёстой гэж боддог. Тиймээс гуравдугаар цахилгаан станцын нас нь болчихсон болохоор оронд нь барих санал тавьж байсан. Гэхдээ одоо тавдугаар цахилгаан станцын асуудал ямар ч байсан шинэчлэлийн Засгийн газрын үед шийдэгдлээ. Одоо ажлыг үргэлжлүүлэх л хэрэгтэй. Үүнээс гадна алдагдлыг арилгахгүйгээр хямралаас гарахгүй.

-Тэгвэл хямралаас яаж гарах вэ? 

-Санхүү, эдийн засгийн хямралаас гарахын тулд эрчим хүчний алдагдалтай үнийг халж, алдагдалгүй үнийг тогтоох хэрэгтэй. Энэ нь үнэ нэмэх асуудал руу ордог. Ингэхээр улстөрждөг, нийгэм хүлээж авдаггүй хэцүү асуудалтай тулгардаг. Өнөөдөр Эрчим хүчний сайд М.Сономпил эрчим хүчний үнийг нэмэхгүй, дотоодын нөөц бололцоог ашиглана гэж ярьж байгаа нь үнэхээр харамсалтай. Дотоодын нөөц бололцоог ашиглана гэдэг үг, өгүүлбэр бол социализмын үеийн уриа лоозон юм. Үүнийг 20, 30 жил ярьсан ч биелээгүй. Тиймээс эрчим хүчний салбарыг хямралт байдлаас гаргахад цоо шинэ зохицуулалтын менежментийг хийх ёстой. Одоо Монголд цахилгаан эрчим хүчний үнэ зургаан цент байгаа. 

Олон улсын судлаачид дэлхийн 117 оронд эрчим хүчний үнийн судалгааг хийж, цахилгааны үнийг хамгийн доод тал нь найман цент байна гэж тогтоосон. Энэ нь монгол мөнгөөр 112 төгрөг. Улс оронд цахилгааны үнэ янз бүр байгаа.

Тухайлбал, Японд 15.4 цент, АНУ-д 11.6, Унгарт 14, Лаост 7.1, Монголд зургаан цент байна. Гэхдээ хамгийн доод алдагдалгүй байх үнийг найман цент гээд тогтоочихсон. Найман цент байвал эрчим хүчний салбар алдагдалгүй ажиллана гэсэн үг. Зургаан центийг найман центтэй харьцуулахад 75 хувь болж байгаа. Тэгэхээр эрчим хүчний салбар 25 хувийн алдагдалтай үнээр ажиллаж байна гэсэн үг. Бид 100 мянган төгрөгийн цалин аваад хангалуун амьдрах байтал 75 мянган төгрөг өгөөд байвал 25 мянгаар дутаж амьдарна. Үүнтэй адилхан эрчим хүчний салбар үнийн 25 хувиар дутаад байгаа юм. Үүнээс болоод алдагдал гарч ирж байна. 

-Тэгэхээр үнэ нэмэх асуудал зайлшгүй гарч ирэх нь. Яаж зохицуулах ёстой вэ? 
-Эрчим хүчний үнийг нэмж болохгүй гэж байгаа нь маш том алдаа. Эрчим хүчний үнийг нэмэх биш, зохицуулах гэж ярих ёстой. Гэхдээ хэрэглэгчдээ гурав хувааж авч үзнэ. Нэгдүгээрт, ахуйн хэрэглэгчид буюу айл өрхүүд байна. Тэдний эрчим хүчний үнийг нэмээд хэрэггүй. Хэвээр нь үлдээчихье. Ахуйн хэрэглэгчид нийт эрчим хүчний борлуулалтын орлогын 20 гаруй хувийг л эзэлж байгаа. Дээр нь айл өрхийн үнэ тарифийг нэмбэл нийгэмд бухимдал үүснэ. Хоёрдугаарт, хэрэглээний үнийн индекст нөлөөлдөг талх, мах, хүнсний үйлдвэр, цахилгаан тээвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төсвийн байгууллагын эрчим хүчний үнийг нэмэхгүй байх ёстой. Яагаад гэвэл талхны үйлвэрийн цахилгааны үнэ нэмэгдвэл иргэдэд ирэх талхны үнэ нэмэгдэнэ. Тиймээс эдгээр үйлдвэр, байгууллагуудын үнийг нэмэхгүй үлдээе. Харин экспортын бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр, компаниудын цахилгааны үнийг нэмэх хэрэгтэй. Яагаад гэвэл экспортын бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр худалдаж, цахилгаанаа дэлхийн зах зээлээс доогуур үнээр авч байгаа. Тиймээс үнэ нэмбэл ямар ч асуудалгүй. Нүүрс, алт, зэс гаргадаг уурхайнууд, ноолуурын үйлдвэрүүдийн үнийг нэмэх хэрэгтэй. 

Мөн баар ресторан, зочид буудал, биллиард, кароакены газруудын үнийг нэмнэ. Түүгээр үйлчлүүлж байгаа иргэд найдвартай эрчим хүч, цахилгаан дулааныг хүсч байдаг. Тиймээс тэдний үнийг нэмэхэд асуудалг үй. Гуравдугаарт, бизнесийн чиглэлийн үйлдвэр үйлчилгээний газрууд болох хэвлэлийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэрүүдийн цахилгааны үнийг багахан хэмжээгээр нэмэх. Ингээд эрчим хүчний үнийн зохицуулалтыг хийчихсэн байхад өнөөдрийн хямралт байдлаас гарах эхний алхам болно. 

Гэхдээ энэ асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийх ёстой. Үүнийг улстөржүүлвэл аюултай. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр “ГОК” дэлхийн зах зээлийн үнээр зэсээ худалддаг. Чили улс бас дэлхийн зах зээл дээр адил үнээр зэсээ худалдаж байгаа. Гэтэл Чилийн зэсийн үйлдвэрүүд нэг кВт.цаг цахилгаанаа найман центээр худалдаж авдаг. Манай эрчим хүчний үйлдвэрүүд нэг кВт.цаг цахилгааныг “ГОК”-д долоон центээр өгч байгаа. Тэгэхээр нэг центээр дутаж байна. 2012 онд ГОК 750 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч худалдаж авсан. Үүнийг нэг центээр үржүүлвэл 10.5 тэрбум төгрөг гарч байгаа. Тэгэхээр эрчим хүчний үйлдвэрүүд “ГОК”-д 10.5 тэрбум төгрөгийн татаас өгч байна гэсэн үг. Энэ татаас хэнд ч мэдэгдэхгүйгээр далд байдлаар явж байна. 

Эрчим хүчний салбар өнгөрсөн онд 66 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласны 10.5 тэрбум төгрөг нь “ГОК”-ийн далд татаасанд явж байгаа. Тэгэхээр Бороо гоулд, Нарийн сухайт гээд бусад үйлвэр, компаниудын үнийг нэмбэл алдагдалгүй ажиллах боломж байна. эрчим хүчний салбар үйлдвэр компанид далд татаас өгч, алдагдалд орж байна.

-Эрчим хүчний салбарыг хувьчлах хэрэгтэй гэсэн байр суурь байдаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Өмчийн харилцаанд өөрчлөлт оруулах хэрэгтэй. “Төрийн өмч гэдэг чинь эзэнгүй өмч” гэж манай нэрт эдийн засагч Да.Ганболд хэлж байсан. Тиймээс 100 хувь төрийн өмчтэй өмчийн харилцаанд өөрчлөлт оруулахдаа стратегийн салбар учраас 51 хувийг нь төрдөө үлдээгээд 49 хувийг нь олон нийтийн мэдэлд өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд янз бүрийн тендер зарлах хэрэггүй. Биржээр дамжуулаад IPO-г Монголынхоо хэмжээнд хийх ёстой. 49 хувь нь олон нийтийн хяналтад орвол үргүй зардал гарахгүй.