Живэх шахан хөвж яваа онгоц

Эрчим хүчний салбар нь улс орны эдийн засаг, аюулгүй байдалд онцгой үүрэгтэй чухал салбар болохын хувьд дэлхийн аль ч улс оронд тухайн улсын эрчим хүчний бие даасан хараат бус байдлыг хангахад онцгой анхаарч, нэн тэргүүнд эрчим хүчний салбараа хөгжүүлсээр ирсэн байдаг. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бий болсон Европын нэгдсэн эрчим хүчний системийн улс орнуудад цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлаа хэрэглээнээсээ хоёр дахин өндөр байлган улс орныхоо эдийн засаг, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа нь харагддаг. Гэтэл манай Төвийн эрчим хүчний систем /ТЭХС/ хоолойгоо давсан ачаалалтай, суурилагдсан хүчин чадал 812 МВт байхад оргил ачааалал 860 МВт-д хүрч ОХУ-с авах гэрээт хэмжээ болох 175 МВт-д тулж цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх байдлаар их ачааллыг чадан ядан давах гэж зүтгэж байна. Энэ нь энгийнээр хэлбэл далайд хөвөх “ТЭХС”  хөлөг онгоц өөрийн даацаас хэтэрсэн зорчигч тээчихээд ширүүн хүчтэй давалгаа ирэхэд онгоцоо живүүлэхгүйн тулд “Хийлдэг цамцтай зорчигчид”-оо яарч сандран далай руу хэд гурваар нь шидлэж ачаагаа хөнгөлөөд давалгаа намдангуут эргэж суулгаж аваад явж байгаатай нэгэн адил. 

“ТЭХС” хөлөг онгоцтой манай нилээд хэсэг зорчигчдыг тээсэн хатуу холбоогоор бэхлэгдсэн гэрээт “ОХУ” хөлөг онгоц байнга хамт явна. Далайн давалгаа гайгүй байвал зорчигчдийг тээлцээд хамт хөвөөд байна. Өөрийнх нь даацаас хэтэрсэн зорчигч суулгах юмуу “Маша” хар салхи наашилвал яах вэ? “ОХУ” хөлөг онгоц манай зорчигчдыг  “ТЭХС” хөлөг онгоц руу хурдхан хам хум суулгаад холбоогоо салгаад цаашаа эх газар бараадаж амь гарахаа бодно.  Манай хөлөг онгоцны капитан “Хатуу холбоосоо бүү салгаач, бид усны хувцастай зорчигчдоо хөлгөөсөө буулгаад танай онгоцны ачааг хөнгөлье” гэж гуйж царайчлана. Зарим зорчигчид “ОХУ” хөлөг онгоцноос буухгүй зүүгдэж эх газар бараадаж амь гарчих санаатай  зууралдана. Нэмэр болохгүй. “ОХУ” хөлөг онгоц хатуу холбоосоо автоматаар салгаад зүүгдэж байсан зорчигчдыг далай руу түлхэж орхиод яваад өгнө. Энэ нь ч “ОХУ” хөлгийн капитаны буруу биш. Олон улсын гэрээнд ийм заалттай байгаа юм чинь. Энэ үед манай даацаа хэтрүүлсэн чадан ядан живчих шахан хөвж яваа “ТЭХС” онгоц “ОХУ” хөлгөөс нэмэгдсэн зорчигчдыг суулгаад ямар байдалд орох нь тодорхой. 

Бид бурантагтай тэмээ л гэсэн үг

Монгол Улсын эрчим хүчний салбар ийм л байдалтай байна. Манай эрчим хүчний хэрэглээний хэвийн дундаж өсөлт жилд 5 хувь.  Эрчимтэй уул уурхай болон бусад салбарын хөгжил, залгах зөвшөөрөл хүлээж байгаа хэрэглэгчдийн хэрэгцээг тооцвол өсөлтийн хувь даруй хэд дахин нэмэгдэнэ. Баруун бүсийн эрчим хүчний системийн хувьд ч  гэсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 68%-г импортоор авч байна. Оюу толгойн цахилгаан хангамжийн 300 МВт-ын хэрэглээг урд хөршөөс авахаар гэрээ хэлцэл хийж 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулан холбож өнөөдрийн байдлаар 40МВт цахилгаан эрчим хүч аваад үйл ажиллагаагаа явуулж байна. Байдлыг нэг талаас харахад эрчим хүчний  хөрөнгө оруулалтад мөнгө бага зарцуулан импортоор эрчим хүч аваад болоод байгаа мэт харагдаж байвч нөгөө талаас Монгол улсын хараат бус байдлыг сулруулан, хөрш орнуудаас хамааралтай байдлыг өөгшүүлэн дэмжсэн, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнгүй, улс орны эдийн засаг, аюулгүй байдалд харш, эрчим хүчний салбар боомилуулсан дүүжлүүрийн ирмэг дээр зогсож байгаа дүр зургийг бий болгож байгааг нуух юун. Цахилгаан эрчим хүч манайд импортлогч хөршүүд маань улс төр, эдийн засгийн ямар нэг байдлаар манайд дарамт шахалт үзүүлэхгүй гэхийн баталгаа үгүй. Бид бурантагтай тэмээ л гэсэн үг. Тэд биднийг дуртай зүг рүүгээ хөтлөж залж чадна. 

Эх оронч эрчим хүчний инженерийн эрүүл нүдээр харвал энэ нь маш ноцтой аюул. ДЦС5-г барих гэж байна гэж ярьсаар, цаасан дээр барьж, нэг засгийн газраас нөгөө засгийн газартаа дамжуулж шоудан гардуулсаар арван хэдэн жилийг ардаа орхин өнөөдрийг хүрлээ. Одоо ч хэн хүнгүй мөн олон станц барихаар асуудал яриад л бичээд л цаасан дээр бариад л байна. Гол нь ярихаасаа хийхээ илүү болгомоор байна. Бид их ярьж бага хийж байна. Эрчим хүчний хомсдолоос гарахад ДЦС4-д 100 МВт, Дархан ДЦС-д 35 МВт, Дорнотын ДЦС-д 100 МВт өргөтгөл хийхээр болж байна. Энэ бол ахиц, эхний ээлжийн амь тариа. Техникийн нөхцөл олгогдохгүй гацаж түгшиж дугаарлаж зогсоо барилга байгууламж, бүтээн байгуулагчдад юу ч болохгүй аманд ч үгүй хамарт ч үгүй говьд худгийн ховоо дүүрэн усаар ангаж цангасан тэмээн сүргийг услахын нэгэн адил ховх сорогдоно. 

Хоолойгоо давсан ачаалалтай цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам, дэд станц, шүүр шанага шиг болсон цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх гээд эрчим хүчнийхэнд хийх ажил их байна. Зарим манай дээдэс эрчим хүчний салбарыг бусад салбараас илүү их хөрөнгө залгидаг гээд янз бүрээр ярьж ад  үзэж харагддаг. Энэ салбар бусад бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн салшгүй хэсэг үндсэн суурь зүрх судас нь юм. Энэ салбарыг тэргүүн эгнээнд хөгжүүлэхгүйгээр том бүтээн байгуулалтын талаар яриад ч хэрэггүй уг ажил хумхийн тоос мэт замхрахад хүрнэ.  

Ээ дээ хөөрхий, миний монголчууд хөнжил дотроо хөлөө жийлцэн туйлдаж байна
Монгол Улсын эрчим хүчний  тогтвортой найдвартай ажиллагааг хангахад Эгийн голын 220МВт Усан цахилгаан станц /УЦС/ , Шүрэнгийн 300МВт УЦС-г барих ажлыг шуурхайлах нь зайлшгүй тулгамдсан асуудлын нэг. Эрчим хүчний эх үүсвэрийн зөв тогтоцтой улс орнууд бүгд л хэрэглээний хэлбэлзлээ УЦС-р хааж, хэрэглэгчид нь эндээс хямд өртөгтэй цахилгаан эрчим хүч худалдаж авахаар хошууран өрсөлддөг. УЦС бариулах сонирхол ОХУ-д байхгүй нь ойлгомжтой. Бидний үнэгүй урсгасан усаар цаана нь усан цахилгаан станц барьчихаад өөрт нь эргүүлж өндөр үнээр зарчихаад тусламж үзүүлж байгаа ахын дүр үзүүлээд сууж байх нь тэдэнд илүү ашигтай. Энэ ч тэдний буруу биш. Өөрсдийгөө үнэлүүлж, хүндлүүлж, бизнес хийж чадаж байгаад юун буруу байгаа юм. Бидэн шиг үнэт баялаг усаа үнэгүй урсгаж гаргачихаад бусдын гарыг харж буцаан эргэж өндөр өртөгөөр гуйж худалдаж аваад баярлалаа гээд алгаа тосон боомилуулж суудаг улс дэлхийд үгүй. Агуу уужим бодолтой, сайхан санаатай, гүндүүгүй ард түмэн гэж ийм л байдаг байх.  Байгаль экологт халтай мэтээр цуурхал тараана. Манай “Мундаг эх орончид” түүнийг нь дэмжин нэг их эх орондоо хайртай хүмүүс болж юу ч ойлгохгүй тархиа угаалган жүжиглэн, саад хийж хойшлуулах зогсоох арга чарга хайна. Тендер зарлана, ялна, болино, гэрээ цуцлана, хугацаа авч хойшлуулна. Энэ бас нэг л арга. Ээ дээ хөөрхий. Миний Монголчууд ийм байдлаар эрчим хүчний асуудлаар хөнжил дотроо хөлөө жийлцэн, цэц булаацалдан ном хаялцан, бусдын гар хөлийн үзүүрт хөтлөгдөж гүйсээр байж олон жилийг өнгөрөөн туйлдаж байна. 

Эрчим хүчнийхэнд хийсэн ажил их бий. Манай эрчим хүчнийхэн аймаг сум орон нутгийг бараг бүхэлд нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй холбож, 110 кВ, 220 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамууд барьж байгуулсан гээд хийсэн, хийж байгаа ажлууд бий. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станц барьж эрчим хүчний эх үүсвэргүйг нь эх үүсвэртэй нь холбох, эх үүсвэр бий болох хэтийн төлөвтэй хэсгийг нь эхний ээлжинд эрчим хүчний нэгдсэн системээс тэжээж эх үүсвэр бий болсны дараа  тэндээс эрчим хүч авахаар хийгдэж байгаа нэг алхам. Энэ нь нууранд голоос ус цутгах, нуурнаас голынхаа эхийг авахтай нэгэн адил үйлдэл. Аль ч тохиолдолд голын сав гольдролгүйгээр ус урсахгүй шүү дээ. Голын шуудуугаа эхлэж татаад бэлэн нуурнаас ус авах уу, нуур бий болгоод тэндээс голуудыг эргээд тэжээх шуудуу татах уу гэдэг нь цаг үеийн шаардлагаас хамааран ээлж дараалалтай хийгдэх л ажил. 

Зарим  хүн урьдны хийсэн хэн нэгнийхээ ажлыг улан доороо гишгэж мундаг ухаантан болж харагдахыг хичээн бусдын хийсэн ажлыг санаатай санамсаргүй байдлаар мушгин буруутгах талаас нь хайлт хийж байгааг харж сонсож байхад тамын тогооны үлгэр санаанд орж өрөвдөх эмзэглэх сэтгэл төрдөг. Бид бие биенээ дэмжиж нэг санаа бодол дээр төвлөрөн тогтож урагш ахихгүй юм бол бидэнд хэн туслах юм бэ? 

Мөн бүс нутгуудад нүүрсний уурхай, салхи, ус, нарны эх үүсвэрүүдийг түшиглэн барихаар яригдаж байгаа станцуудыг ганц нэгийг нь биш эхний ээлжинд нэн чухлаас нь эхлээд үргэлжлүүлэн барьж байгуулах асуудлыг дэмжин шуурхай арга хэмжээг шат дараалалтай авах цаг болсон. Маш олон барилга байгууламж, үйлдвэр, бүтээн байгуулалт эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх байгууламжийн боломжгүйгээс техникийн нөхцөл олгогдохгүй цахилгаан, дулаанаар хангагдаж чадахгүйд хүрч хазаарлагдан зогсож байна. Үүнийгээ эрчим хүчний дутагдалтай хүнд хэцүү байдлаас гарах гарц гэж яриад ажил болгож хэрэгжүүлээд байгааг сайн ойлгохгүй байна. Үүний цаана юу бий болох вэ? Хомсдол нь хүссэн хүсээгүй буруу өрсөлдөлдөөнийг бий болгож ар өврийн хаалга, авилгалыг  цэцэглүүлж, улс орны хөгжлийг чөдөрлөн тушиж хурдыг сааруулдгийг бид мэднэ. 

Мэргэжлийн бид дуугарлаа гээд сонсдог нь ховор юм
Улс төрийн сонгуулийн идэвхитэй үед эрчим хүчийг мэддэггүй хүнгүй болж бүгд л гэрэл гэгээний гайхамшгийг магтан дуулж, энэ салбарт хайртайгаа зарлан гүйлддэг эрхэмтэнгүүдийн тоо борооны дараах мөөг шиг элбэгшинэ. Тэрч бүү хэл эрхэмтэн өндөр хүчдэлийн шугамын доор буусан малчин айлаар цайлах зуураа цахилгаанаар хангуулах асуудал тавихад нь энэ айлыг холбож өг гэж улайхч үгүй доод түшмэлдээ даалгавар өгч “боломжгүй зүйлийг бүтээчихээд” их додигор хээв нэг гараад яваад өгнө. Хөөрхий малчин хууртан саналаа эрхэмтний төлөө өгч, тэнд байгаа дагалдан баясагчид эрчим хүчийг их энгийн хялбарханаар төсөөлж алга ташин хөөрцөглөнө. Эрхэмтэн  сонгуулийн дараа хайртай салбараа мартаж дараагийн сонгуулийг хүлээнэ. Дахиад л асуудал сөхөгдөнө. Энэ манай өнөөгийн дүр зураг. Эрчим хүчний салбарын асуудал өндөр мэдлэг чадвартай мэргэшсэн багийн бодлогоор зохицуулагдах шаардлагатай гэдгийг ойлгомоор юм. Цахилгаанаар хангах асуудлыг морины уяа, хэц мэтээр сэтгэж ярьсаар улс орныг улам хүнд байдалд оруулж хөгжлийн хурдыг сааруулж байгаад дүгнэлт хийх цаг болсныг эрчим хүчний хомсдол хязгаарлалт харуулж эхэллээ. Мэргэжлийн тодорхой хүмүүс  ийм байдал үүснэ гэдгийг урьдчилж тооцоо судалгаа хийж эрдэм шинжилгээний хурал, “Эрчим хүч инженеринг” сэтгүүлд бичдэг ч тэднийг сонсдог эсэх нь бүү мэд. Тэнгэр хол, газар хатуу болоод л үлдэнэ. 

Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг. Их хурлын эрхэм гишүүд, төр засгийн урирдлагууд, эрчим хүчний салбарынхан, эрдэмтэн мэргэд, ард иргэд маань нэг бодолтой, нэг зорилготой байж эрчим хүчний салбараа хурдан хугацаанд оновчтой эрч хүчтэй хөгжүүлэн дэвжээж, манай улс цахилгаан эрчим хүч импортлогч улс биш экспортлогч улс болж Монгол Улсын эдийн засаг, аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллах цаг удахгүй ирнэ гэдэгт найдаж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Монгол Улсын зөвлөх инженер Е.Амаржаргал

Мэдээний линк: http://economy.time.mn/content/23031.shtml