Өдрийн сонины 2012 оны 297 дугаараас

Энэхүү нийтлэлийг энгийн уншигчдад ойлгуулах зорилгоор албан

бус зарим ярианы  хэллэгээр бичсэн болохыг Та бүхэн болгооно уу

 

Монгол улс цахилгаан эрчим хүч хэрэглэж эхэлсний 90 жилийн ой саяхан болсон. Түүхт ойг хэрхэн тэмдэглэдэг жишгийн дагуу баяр болоод өнгөрлөө. Гол нь бидний амьдралд тог цахилгаан хэрэглээ болоод ийм олон жил өнгөрчээ. Одоо эрчим хүч айл гэр, албан байгууллагын амьдрах суурь болсон байна. Хүмүүс цахилгаан хичнээн чухлыг бүгд мэддэг. Харин энэ тухай ярих сонирхолгүй. Ориг, хулхи, тансаг цахилгаан гэж байдаггүй болохоор төдийлөн анхаарал татдаггүй байж болох юм.

Хэрэв эрчим хүчнийхэн олны анхаарлыг татъя гэвэл түүн шиг амархан юм байхгүй. ”Мартагдашгүй намар” кинон дээр гардаг шиг ганц унтраалга дараад асаахад л бүгд сэртэсхийгээд явчихна.

Ерэн жил болж байгаа энэ суурь салбар өнөөдөр маш хүнд байдалтай байна. Эдийн засаг урьд байгаагүйгээр тэлж, цаашдаа улам өснө гэсэн төлөв манай салбарыг балмагдууллаа. Товчхондоо цахилгааны хэрэглээг тэр хэрээр биднээс нэхнэ гэсэн үг. Жирийн иргэд нарийн учрыг мэдрээгүй өнгөрсөн болохоос 1990-ээд онд манай улс эрчим хүчний аймшигтай хямралд орж байсан. Тэр үед Япон, Герман зэрэг орнууд хот хөдөөгийн хэдэн цахилгаан станцуудад хөрөнгө оруулсан тулдаа өөхөн дэнгийн үерүүгээ шилжчихээгүй.

Эрх баригчдын сонгуульт хугацаанд улс орон хөлдчихөлгүй онд орох, иргэдийн төлөх тогны үнэ тогтвортой байвал эрчим хүчний дотоод асуудал ямарч хамаагүй байсаар ирсэн.Тэр бүү хэл өнөөдөр тогтой байх нь чухал гэсэн хандлага одоо ч байсаар байна.

Ийнхүү жил бүрийн өвлийг аргацаасан засварт шинээр цахилгаан станц барихаас илүү хөрөнгө зарцуулчихсан байх юм. Төр засгийн охорхон бодлогын алдааг эцэстээ эрчим хүчний салбарт ажиллагсад үүрч мэдэхээр байна. Мэргэжлийн хэлээр манайх төвийн бүсэнд 812 мВт хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ эрчим хүчний хүчин чадлын дээд хэмжээнд тултал үйлдвэрлэл явуулах үндсэндээ хориотой. Өөрөөр хэлбэл таны машины спидометрийн хязгаар  220 милл гээд та 180-200 миллийн хурдтай давхидаггүй биз дээ. Бид тэгвэл сүүлийн 3-4 жил ийм хурдтай давхиж явна. Нөгөө 812 гэдэг тооноосоо даваад 840 хүрэх явдал гарлаа. Тэр тоолонд ОХУ-аас зөрүүгээ нөхөж авдаг. Уг нь шатахууныг бодвол бидэнд эрчим хүчний үйлдвэрийн бааз, түүхий эд, боловсон хүчин зэргээр дутагдах аюулгүй. Монгол инженерүүд Ухаа худагт дунд оврын цахилгаан станц барьчихлаа. Харин Засгийн газрууд тавдугаар цахилгаан станцыг барих тухай ярьсаар олон жилийг өнгөрөөв. Гурван ч Засгийн газар дамжсан яриа.  Одоо болтол хаана барихаа товлоогүй явна. Станцын ТЭЗҮ нь бэлэн байгаа ч барих газар товлогдож байж холболтын дараагийн зураг төсвийг боловсруулна. Үүнд ихээхэн зардал, цаг хугацаа орно. Ийнхүү барилгын ажил эхэлж ашиглалтанд орох гэсээр байтал дахиад хэдэн жилийн нүүр үзнэ. Гэтэл эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээнээсээ хоцорчихсон байдаг. Тэгсэн мөртлөө 100 мянган айлын орон сууц, “Таван толгой”, “Оюу толгой”-н томоохон төслүүд яриад байдаг. Тэр болгоныг түрүүлж барьчихаад эрчим хүчээ хүлээгээд зүгээр сууж байх хэрэг үү. Энэ үнэхээр утгаа алдаж байна.

Суурийг цутгахдаа мөнгө харамлаагүй барилгад хожим харамсах явдал гардаггүй гэж барилгынхан ярьдаг. Энэ хэлц үг эрчим хүчний салбарт хамгийн хамаатай болоод байна. Улс ардын аж ахуйн ирээдүйд хийх гэж буй бүтээн байгуулалтууд эхлээд эрчим хүчний сууриа бэлдэхээс эхлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд манай салбарынхан дотоод нөөц бололцоогоо хангалттай шавхлаа. Социализмын үед баригдсан ДЦС-ууд багагүй үрэлгэн ажиллагаатай байсан.  Тухайлбал: Дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэсэн цахилгааныхаа 22 хувийг өөртөө хэрэглэж байсан бол 15.1 хувь, цахилгаан дамжуулалт, түгээлтийн 24 хувийн алдагдлыг 16,6 болгож бууруулан нийт 26,2 тэрбум төгрөгийн үр ашгийг сүүлийн 10 жилд зөвхөн энэ хоёр үзүүлэлтээс олж дотоод нөөцөө дайчилсан юм.

Дөрөвдүгээр цахилгаан станцын инженерүүд 80 МВт-ын чадалтай турбиныг 100 МВт болгон өөрчилж, бараг хоёрдугаар цахилгаан станцын хэмжээний эх үүсвэр нэмж бий болголоо. Ийм чадлын станц олон зуун тэрбумаар босох нь ойлгомжтой. Ойрын үед тус станц 100 МВт-аар, Дарханы станц 35 мВт-аар өргөтгөх төсөл боловсруулан гүйцэтгэх ажилдаа ороод байна. Энэ мэтээр аргалсаар байгааг ойлгож байгаа газар алга. Ингээд цахилгааныхаа асуудлыг өөрсдөө шийдчихдэг юм байна гэж тайвширч болохгүй нь. Энэ нь эцсийн боломжоо шавхсан арга барсан ажиллагаа юм. Одоо дараагийн эмчилгээ бол ээлж дараалан цахилгааны хязгаарлалт хийх л үлдлээ. Байсхийгээд тог тасарч  тэр нь хэвийн үзэгдэл болно гэсэн үг.

Тог цахилгааны том хэрэглээнүүд шат дараалан бий болох нь тодорхой. Түүнийг хангах эх үүсгүүр нь ТҮЦ шиг байж таарахгүй. Тавдугаар цахилгаан станц зэрэг том эх үүсгүүр баригдлаа гэхэд түүнийг ашиг олохоо болъё, ядаж алдагдалгүй хэвийн ажиллуулахын тулд үнэ чөлөөлөх асуудал зайлшгүй тавигдана. Цахилгааны үнийг шат дараалан нэмсээр 2014 онд бодит үнэн дээр нь аваачих зорилт тавьсан байдаг. Одоогоор нийт гаргасан зардлынхаа 80 хувийг борлуулалтаас арай гэж олж авдаг. Байнгын энэ алдагдал эрчим хүчний салбарыг дампуу харагдуулсаар ирсэн. Монголд эрчим хүчний бизнес хийгээд ашиггүй тул гадна, дотны хөрөнгө оруулалт орж ирэх сонирхол ч төрдөггүй. Улмаар энэ оронд цахилгаан хэрэггүй юм байна гэсэн ойлголт төрөхөөр инээдтэй байдал үүсчээ. Гэтэл хэдхэн хором цахилгаан тасрахад компьютер дээр хийж байсан мэдээлэл устаж шууд дундад зуунруугаа орж бид арчаагаа алддаг шүү дээ.

 Томоохон пүүс компаниуд түрүүчээсээ өөрийн эх үүсгүүртэй болох, төрд ажиллаж буй чадварлаг ажилтнуудыг үнэ тохиролцон сорчлон авах замаар боловсон хүчний хомсдолд оруулах боллоо. Уг нь зах зээлийн хуулиар бол эрчим хүчнээс ашиг олоод түүгээрээ станц барих байх. Харин эрчим хүчнийхэн ашиг гэдэг үгийг аль эрт мартаж зөвхөн алдагдал бууруулах, орлого, зардал тэнцүү байх тухай л ярьдаг болсон. Нэг кВт цахилгааны улсаас тогтоосон үнэ 6,4 цент. Япон Сингапурт 25 хүртэл цент, бидэнтэй ойролцоо орон Кампучи, Вьетнамд 14,4 цент шүү. 90 хүрэхгүй төгрөгийн үнэтэй цахилгаан маань бусдаас хямдхан нь эндээс харагдаж байна. Энэ үнэгүйдэл хаа нэгтээ маш том алдагдлыг тунарааж байгаа нь ойлгомжтой. Зах зээлд үнэгүй юм байхгүй. Манай хэрэглэгчийн зурагтаа бүтэн өдөр асаахад хэрэглэсэн цахилгааны төлбөр нь гар утсаар ганц минут ярихаас хямдхан. Тэгсэн мөртлөө утасныхаа мөнгийг урьдчилан төлж болоод байдаг. Цахилгаан төлбөрийг дараа нь өгөх гэж бөөн юм болдог.

90 жил ард түмнээ тасралтгүй цахилгаанаара хангаж байгаа эрчим хүчний салбар дахь үнэн байдал ийм байна. Зах зээлийн жилүүдийн эхний жилүүдийн хүнд үеийг яаж ийгээд туулсан тухай энгийн үгээр өгүүллээ. Одоо цахилгаан станц шинээр яаралтай барих шаардлагатайг тайлбарлалаа. Иргэд, аж ахуйн байгууллагууд ийм хямдхан эрчим хүчээр удаан явах бололцоогүйг санууллаа. Цаашид цахилгааны үрэлгэн байдалд дор бүрнээ анхаарна бизээ.

Шинэчлэлийн Засгийн газар эрчим хүчний үнэ тарифийг энэ ондоо багтаан олигтойхон нэмэхээс өөр гарц байхгүй.

 

            Техникийн ухааны мастер, ахмад инженер Б.Сандуйжав