Ил захидал 

Ардчилсан Намын дарга Н.Алтанхуяг, Монгол Ардын Хувьсгалт Намын дарга бөгөөд МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн дарга Н.Энхбаяр нар Танаа

Эрчим хүчний шинэ бодлогын тухай

Улсын Их хурлын 2012 оны сонгуулийн үр дүнд үүссэн улс төрийн шинэ нөхцөл байдлаар төр засаг бүрдэж байгаа нь манай улсын нийгэм эдийн засгийн хамгийн хүнд хэцүү хэсэг болох Эрчим хүчний салбарт шинэ бодлого явуулах боломжийг олгож байна гэж үзээд салбарын өнөөгийн байдлын талаар энэхүү ил захидлыг Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооны гишүүдийн хүсэлтээр бичиж байна.

1.     Эрчим хүчний салбарт тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт сүүлийн 30-аад жилд бараг хийгдсэнгүй. Дулааны цахилгаан станц шинээр баригдсангүй. 2 дугаар цахилгаан станц 51 жил, Дарханы цахилгаан станц 47 жил, 3 дугаар цахилгаан станц 44 жил, , Дорнодын цахилгаан станц 43 жил, 4 дүгээр цахилгаан станц 30 жил тус тус ашиглагдаж материалын болоод моралийн элэгдэлд орж үйл ажиллагаа явуулахад улам бэрхшээлтэй болж байна. 30-аас 50 жил болчихсон эдгээр "машинууд"-ыг өдий хүртэл жолоодон явуулж ард түмнээ гэрэл дулаанаар таслахгүй хангаж чадсаар байгаа нь эрчим хүчний салбарын үе үеийн чадварлаг хамт олны гавъяа юм.

 

2.     Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг одоогийн цахилгаан станцууд хангаж дийлэхгүйд хүрч ОХУ-аас ихээхэн хэмжээний импортын цахилгааныг авч байна. 2009 онд импортолж байсан цахилгааны хэмжээ 120.0 сая кВт.ц байсан бол 2011 онд 200.6  сая кВт.ц болон бараг 2 дахин нэмэгджээ. Энэхүү 200.6 сая кВт.ц цахилгааныг 18.2 тэрбум төгрөгөөр худалдан авсан байна.  Цаашдаа жилээс жилд импортын цахилгааны хэмжээ улам нэмэгдэж зардал нь тэрбум тэрбумаар өсөх төлөвтэй байна. 

3.     Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн 3600 мегаваттын хүчин чадал бүхий  цахилгаан станцыг барьж байгуулан улмаар үйлдвэрлэсэн цахилгааныг нь БНХАУ-д нийлүүлж эрчим хүч экспортлогч орон болох бодлогыг 2005 онд боловсруулж зарим судалгаа тооцооны ажлыг эхлүүлсэн байдаг. Харамсалтай нь бүтэн 7 жилийн турш асуудлыг шийдэж чадсангүй. Эрчим хүч экспортлогч орон болсноор жилдээ 870 сая ам.долларын цахилгааныг гадаадад худалдах боломжоо алдсаар байна.

4.     Төвийн эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг хангах үүрэг зорилго бүхий 200-300 МВт-ын суурьлагдсан чадалтай усан цахилгаан станцтай болох технологийн зайлшгүй шаардлага байдаг. Эгийн голын 220 МВт-ын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг 1992 онд Азийн хөгжлийн банкны техникийн тусламжаар боловсруулсан байдаг. Гэвч усан цахилгаан станцын асуудлыг шийдэж чадахгүй 20 жил болж байгаа нь салбарыг удирдаж байсан зарим хүмүүсийн мэдлэг мэрэгжлийн ур чадвар дутсаных байх .

5.     Жигжид сайдын үед Эгийн голын УЦСтанц, Очирхүү сайдын үед Орхон голын УЦСтанц, Эрдэнэбат сайдын үед эргээд Эгийн голын УЦСтанц, Хүрэлбаатар сайдын үед ерөөсөө ямар ч УЦСтанц барихгүй, Зоригт сайдын үед Сэлэнгэ мөрний УЦСтанц барина гэсэн бодлогууд явагдаж байснаас харахад сайд солигдох тохиолдол бүрт  эрчим хүчний бодлого 180 градус эргэж солигдож байсан нь тодорхой байна.

6.     Даланзадгадын цахилгаан станц баригдаж ашиглалтанд орсон цагаасаа хойш өмнөговьчуудыг байнг дулаан цахилгааны хомсдолд оруулж ирлээ. Хэдийгээр Улаанбаатарын 5 дугаар цахилгаан станцын тендерийг зарлан дүгнэсэн боловч тус станцыг барьж байгуулах явцад гарах цахилгааны гаргалгааны шугамын холболт, дулааны багц асуудлууд, газар, ус, үнсэн сан, төмөр зам, нүүрсний уурхайн өргөтгөл зэрэг техник технологийн олон шийдэгдээгүй  асуудлуудыг н.Хүрэлбаатар,Зоригт нар  шинэ засгийн газарт чимээгүйхэн шилжүүлэн өгч байна.

7.     Эрчим хүчний компаниуд нь зуун хувь төрийн өмчтэй байгаа явдал нь  олигархууд шахааны бизнезээ цэцэглүүлэх аятайхан боломжийг олгож байгаа талаар Улсын их хурлын гишүүн асан Н.Ганбямба удаа дараа үзэл бодлоо илэрхийлж байсныг хүмүүс санаж байгаа байх. Эрчим хүчний компаниудын өмчийн харьцаанд өөрчлөлт оруулж олон нийтийн хяналт тогтоох талаар салбарын мэрэгжилтнүүд санал гаргадаг боловч хүлээж авахгүй байсаар өдийг хүрлээ. Жилдээ 30-40 тэрбум төгрөг шахааны бизнест зарцуулагдаж байна гэсэн тооцоо судалгааг мэрэгжилтнүүд гаргаад байна.

8.     Гэх мэтээр эрчим хүчний шийдвэрлэвэл зохих олон асуудлууд хойшлогдсоор хуримтлагдсаар эрчим хүчний салбар өнөөдөр манай улсын нийгэм эдийн засгийн хамгийн хүнд хэцүү салбар болжээ. Улс төрчид эрчим хүчийг “унтраалга дарангуут гэрэл асдаг эсвэл крант онгойлгонгуут халуун ус урсдаг” гэсэн амар хялбар байдлаар ойлгож эрчим хүчний асуудлуудад хөнгөн хийсвэр хандаж ирснийг та бүхэн анхааралдаа авна гэдэгт найдаж байна.

 

Р.Ганжуур,  Монголын Эрчим Хүчний

Инженерүүдийн Холбооны Тэргүүн

Улаанбаатар хот

2012.07.19