News.gogo.mn/r/108927/

Эрчим хүчний салбарт хийгдэх шинэчлэл удааширч байна

Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гол хөдөлгөгч салбар нь уул, уурхай гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэ салбарын хөгжлийг дагаад хангамж, үйлчилгээ, тээвэр зэрэг нь мөн хөгжин өргөжиж байна. Гэвч цаашдаа энэ тэргүүлж байгаа салбар нь үр ашигтай, өрсөлдөх чадвартай хөгжих үндсэн нөхцөлүүдийн нэг нь найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй байх явдал юм.


2001 оноос Монгол Улсын Эрчим хүчний тухай хууль хүчин төгөлдөр болсноор эрчим хүчний салбарт шинэчлэлт хийгдэж эхэлсэн билээ. Энэ шинэчлэлтээр нэгдсэн нэг байгууллага байсан эрчим хүчний салбар нь үйл ажиллагааны чиглэлээрээ үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч гэсэн бие даасан компаниуд болон салж, Эрчим хүчний Зохицуулах газар (одоогийн Эрчим хүчний Зохицуулах хороо) байгуулагдаж өнгөрсөн 11 жилийн турш Монголын эрчим хүчний зах зээлийг бий болгож төлөвшүүлэхээр ажиллаж ирсэн. Энэ хугацаанд эрчим хүчний салбар нь зах зээлийн эдийн засгийн зарчмаар ажиллах суурь нь тавигдсан гэж хэлж болно.

Харамсалтай нь хуулийн үзэл баримтлалын дагуу бүх зүйл явсангүй. Бодлого хэрэгжүүлэх нэрийдлээр, үнэндээ бол албан тушаал бий болгох зорилгоор хулгайгаар шахуу хуулинд нэмэлт өөрчлөлт хийж Эрчим хүчний Удирдах газар (ЭХУГ) гэдэг анахронизмыг байхаар тусгасан. Бие дааж эхэлсэн эрчим хүчний компаниудын бодит өртөгийг нь анхнаас нь тооцох боломж өгөхгүйгээр эрчим хүчний тариф зохицуулах Зохицуулах газрын үүргийг улс төр нь булаацалдаж, хөндлөнгөөс нөлөөлсөөр ирсэн. Үүний үр дүнд эрчим хүчний компаниудын бодит зардлыг тооцох боломжгүй болж, хөрөнгийн удирдлагын ямарч систем тогтоогүйгээс тоног төхөөрөмж, байгууламжаа өргөтгөх, шинэчлэх хөрөнгө оруулалтын эх үүсвэр боогдож ирсэн.

Энэ нь цахилгаан түгээх сүлжээнүүдэд маш тод илэрч байгаа. Тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт цахилгаан түгээх онцгой эрхтэй “Улаанбаатарын Цахилгаан Түгээх Сүлжээ” компани гэхэд өмчинд нь байвал зохих цахилгаан шугам сүлжээний талаас бага хэсгийг нь л өмчилж байна, бусад нь сүлжээ өргөтгөх мөнгөгүйгээс болж хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн хөрөнгөөр босгосон өмч. Өргөтгөл, шинэ шугам сүлжээ зэргийг улсын төсөвт оруулахаас аргагүй байгаагаас яам, ЭХУГ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу бүх тендерүүдийг мэдэлдээ авснаар шинэ байгууламж, тоноглолуудын чанар, техникийн стандартад тавих анхаарал маш их суларч техникийн бодлого алдагдсан гэж хэлж болно.

Үүний үр дүнд шугам сүлжээний төлөвлөлт, техникийн бодлого барих боломжгүй болсон. Компаниудад өөрсдөд нь тендер зохион байгуулуулах эрхийг өгье гэхээр, нэгд, хууль нь болдоггүй, хоёрт, чадваргүй гэсэн нэрийдлээр яам, ЭХУГ нь өгдөггүй. Одоо бүр дулаан, цахилгааны дамжуулах, түгээх сүлжээнүүдийн үндсэн сүлжээгээ төлөвлөх үүргийг нь булаацалдаж ЭХУГ техникийн нөхцөлийг олгодог болоод байна.

Орон нутгийн эрчим хүчний хувьд байдал бүр дор, жишээ нь, Дорнод бүсэд эрчим хүчний хуулийг огт хэрэгжүүлээгүй одоо хүртэл бие даасан үйл ажиллагаа явуулж байх ёстой дамжуулах, түгээх, хангах нэгжүүд нь нэг станцын харьяалалд л явж байгаа.

Дээрх бүх зүйл нь одоогийн эрчим хүчний салбарын тулгамдаж байгаа хүндрэлүүдийн өнгөцхөн хэсэг нь, цахилгаан станцууд, шинэ эх үүсвэр, дулаан хангамжийн талаар дурьдсангүй үлдээлээ. Ийнхүү төрийн бодлого хэрэгжүүлэгч нар нь төрийн бодлогыг техникийн бодлого гэж ойлгоод байдаг юм уу эсхүл зориуд мэдэн будилж компаниудын техникийн ажилд оролцоод байдаг юм уу, ямар ч байсан бантангийн байдалтай л байна. 2001 оноос эрчим хүчний салбарт томоохон реформ хийх гэж эхлээд, улс төрийн, албан тушаалын сонирхлуудаас болж энэ өөрчлөлтүүд нь гацаанд орчихсон. Үнэндээ бол эрчим хүчийг хуучных шиг нэг том төвлөрсөн тогоо хэвээр нь байлгаж түүнд эрх мэдлээ тогтоох гэсэн ашиг сонирхол л яваад байгаа (Дорнод бүсийн жишээ) юм шиг байгаа юм. Гацаанд орох нь бага хэрэг, эхэлчихээд эргэж буцсан өөрчлөлтөөс болж нэмж хуримтлагдсан асуудлуудыг шийдэхэд улам хүндрэлтэй болоод байна.

Жишээ нь, улам нэмэгдээд байгаа энэ том хувийн шугам сүлжээг яах уу? Өмчлөгчид нь мэргэжлийн түвшинд түүнийгээ аваад явж чадахгүй мөн тусгай зөвшөөрөл нь ч байхгүй, мэргэжлийн байгууллагад сүлжээ төлөвлөхөд нь саад учруулж цааш нь өргөтгөх юм уу хэрэглэгч нэмж холбох тэр болгон зөвшөөрдөггүй. Гэх мэт асуудлууд байсаар, хүндэрсээр байна.

Эрчим хүчний салбарыг сүүлийн 20 жил мэргэжлийн сайд удирдаж байсангүй, энэхүү хийгдээд эхэлсэн өөрчлөлтийн талаар нэгдсэн ойлголтгүй, өөртөө тааруулж байнга хуулинд өөрчлөлт оруулдаг удирдлагатай явснаас болж одоогийн нөхцөл байдалд үүсээд байна. Уг нь нэгэнт эхэлсэн шинэчлэлт өөрчлөлтийнхөө үр дүнг үзэх хэмжээнд аль хэдийнэ хүрчих хугацаа өнгөрөөд байна. Манай улс эрчим хүчний салбарын бүтцийн өөрчлөлтөө бусад улсуудаас хоцролгүй л эхэлсэнсэн, одоо бусад улсууд эрчим хүчний салбарын хөгжлийн дараагийн шат болох “Ухаалаг сүлжээний” концепц руу хэдийнээ шилжээд байдаг... Үр дүнг нь үзэх байлгүй дээ.

Д.Дамдин