ЕГНЭНГИЙН АМАРЖАРГАЛ

/1959-2015/

 

Бидний дотны нөхөр, эрхэм хүмүүн Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн,  Монгол Улсын зөвлөх инженер Егнэнгийн Амаржаргал 2015 оны 05-р сарын 24-ний өдөр зуурдаар таалал төгсч хамт олон, хань ижил, үр хүүхэд бидэнд нөхөж баршгүй хүнд газр тохиолоо.

 

Егнэнгийн Амаржаргал нь 1959 онд Ховд аймгийн Булган суманд төрж, 1977 онд Ховд аймгийн Булган сумын арван жилийн дунд сургууль, 1983 онд ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр тус тус дүүргэжээ.

Тэрээр 1983-оноос УБЦШСГ-т монтёроор ажлын гараагаа эхэлж тус газрын диспетчер инженер, горимын инженер, ашиглалт хариуцсан инженер, ерөнхий диспетчер, албаны дарга, салбарын дарга хүртэл хариуцсан ажилдаа бусдыгаа манлайлан ямагт дэвшиж ажиллаж ирсэн юм. 1993-1995 онд төвийн эрчим хүчний системийн мэргэжилтэн, 1995-1996 онд “Жаргалан экспресс” ХХК-ний захирал, 1996-1998 онд Шведийн “АВВ Stal” компаний төслийн удирдагч, орчуулагч захирал, 1998-2000 онд “Их Эрч” ХХК-ний захирал, 2000-2014 онд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ний мэдээлэл хангамжийн хэлтсийн дарга, цахилгаан түгээх сүлжээ хэлтсийн дарга, гүйцэтгэх захирал, үйлдвэрлэл эрхэлсэн захирал, 2015 оноос “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ний тэргүүн дэд захирлаар тус тус ажиллаж өөрийн ухамсарт амьдралаа Монгол орныхоо эрчим хүчний хөгжил, гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө зориулж ирсэн юм.

Егнэнгийн Амаржаргал нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж хамт олноо манлайлан салбарынхаа хөгжилд хувь нэмэрээ оруулаад зогсохгүй ямагт олонтойгоо байж олныхоо төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллаж ирсэн нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын гарамгай авьяастан байсан юм. Тэрээр Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооны хөгжил дэвшил, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байлаа.

Егнэнгийн Амаржаргал нь Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган” нутгийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн, Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын ширээний теннисийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн зэрэг сонгуульт ажлыг хашиж ирсэн ба 40 гаруй дууны шүлэг зохиож “Миний нутаг” “Андууд” нэртэй уран бүтээлийн бие даасан цомог гаргаж, 2014 онд “Торгууд түмний их нүүдэл” романаа туурвиж, олон арван эрдэм шинжилгээний нийтлэл бичиж туурвисан цаглашгүй авьяаслаг, оюунлиг хүмүүн байсан юм.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 2010 онд Төрийн дээд шагнал “Алтангадас” одон, 2011 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнасан юм.

Талийгаачийн ямагт хамт олныхоо төлөө зүтгэж ирсэн зүтгэл, хөдөлмөрч, бүтээлч, хүнлэг энэрэнгүй, оюунлиг зан чанар бидний зүрх сэтгэлд үүрдийн зул болон бадамласаар байх болно.

МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО