Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар гүйцэтгэж туршилт амжилттай болж эдийн засгийн ихээхэн хэмнэлт гаргасан гэх “ЭКОЗУУХ” төхөөрөмжийг суурилуулсан СБД-ийн 71 дүгээр сургууль, БЗД-ийн 14 дүгээр сургуулийн биеийн тамирын заал, ХУД-ийн 29 дүгээр цэцэрлэг дээр очиж бодит байдалтай танилцсан тухай:

 

1. Доктор, профессор Д.Басандоржийн “ЭКОЗУУХ” гэж нэрлэсэн төхөөрөмж нь “Гидродинамик дулааны насос” байв. (Thermalhydrodynamic pump-тепловой гидродинамический насос) Түлшинд агуулагдаж буй химийн энергийг шаталтын процессийн үр дүнд дулааны энергэд шилжүүлдэг төхөөрөмжийг зуух гэж нэрлэдэг. Иймд уг төхөөрөмжийн тухайд “ЭКОЗУУХ” бус “Дулааны гидродинамик насос” гэж олон улсад тогтсон нэр томъёог хэрэглэх нь зүйтэй.

2. ”ЭКОЗУУХ” технологийг 2013 оны 11 дүгээр сараас дараах барилгуудад туршсан нь амжилттай боллоо гэсэн боловч, СБД-ийн 71 дүгээр сургуулийн барилгын халаалтын зуух 170 кВт нэрлэсэн хүчин чадалтай ба суурилуулсан “Дулааны гидродинамик насос”-ны хөдөлгүүрийн чадал 55 кВт, уг насосны гаргаж байгаа дулааны бодит хүчин чадлыг хэмжиж тогтоосон “Техникийн тайлан”-ийн материал огт байхгүй. Ойролцоогоор 67 кВт дулааны чадал гаргана гэж үзэхэд уг барилгын тооцоот дулааны алдагдлаас 2,5 дахин бага байгаа нь барилгыг халаахад суурилагдсан хүчин чадал хүрэлцэхгүй. Энэ нь бодит байдал дээр “Дулааны гидродинамик насос”-ыг ажиллуулаагүй,  халаалтын зуухыг галлаж өвөлжсөнөөр батлагдаж байна.  

3. ХУД-ийн 29 дүгээр цэцэрлэг барилгын тооцоот дулааны алдагдал 80 кВт, уг “Дулааны гидродинамик насос” нь халаалтын ачааллын 84 хувийг хаах боломжтой боловч, 55 кВт чадлыг дамжуулахад кабелийн хөндлөн огтлол хүрэлцээгүйгээс, цахилгааны щит дээрх гал хамгаалагч тухай бүр хайлж үүргээ гүйцэтгэж байжээ. Энэ шалтгаанаар 2013-2014 оны халаалтын улиралд 29 дүгээр цэцэрлэг “СЭЛЭНГЭКОНСТРАКШН” ХХК- ийн халаалтын зуухнаас дулаан авсан учир уг төхөөрөмж үр ашигтай ажиллаж барилгыг халаасан бус огт ажиллаагүй байна.

4. БЗД-ийн 14 дүгээр сургуулийн биеийн тамирын заалны тооцоот дулааны алдагдал 40 кВт, суурилагдсан “Дулааны гидродинамик насос”-ны хүчин чадал хүрэлцээтэй байсан боловч 2014 оны 03 дугаар сарын 05-аас 04 сарын 25-ны хооронд 50 хоног ажиллахад зарцуулсан цахилгаан эрчим хүчний үнэ 10215691(арван сая хоёр зуун арван таван мянга зургаан зуун ерэн нэг) төгрөг гарсан нь “УБЦТС” ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх 5 дугаар төвөөс ирүүлсэн №5140426000172 “Төлбөрийн нэхэмжлэл” дээр 40130416085 дугаартай тоолуурын заалтаар бичигджээ. Уг туршилтын халаалтын үнэ нь нүүрс шатааж, зуух галласанаас дунджаар 3 дахин их үнэтэй байна.

5. “ЭКОЗУУХ” төслийн эдийн засгийн шинжилгээгээр тогтоогдсон гэдэг “Туршилтын явцад гарсан ашиглалтын зардлын харьцуулалт”  бодит байдалтай огт нийцэхгүй байна.   

6. “Дулааны гидродинамик насос” нь гурван объектийн 2 дээр огт ажиллаагүй, нэг объект дээр 50 хоног ажиллахдаа эдийн засгийн үр ашиг гараагүй байна. Уг “Дулааны гидродинамик насос”-ны 55 кВт цахилгаан чадал хэрэглээд гаргаж байгаа дулааны бодит хүчин чадлыг “Туршилт, зүгшрүүлгийн байгууллага”-аар захиалагч нь гэрээ байгуулсны үндсэн дээр зохих үнэлгээний дагуу, тусгай хөтөлбөрөөр “Туршилт” хийлгэн нотлох шаардлагатай.

7. Дулааны гидродинамик насос(“ЭКОЗУУХ”гэсэн нь зохимжгүй, зохиомол нэр томъёо) нь усыг задалж “устөрөгч”-ийг ялгадаг гэсэн нь ямар ч үндэслэлгүй, мөн амжилттай сайн ажиллаад ХУД-ийн 29 дүгээр цэцэрлэг 76,7 хувь, СБД-ийн 71 дүгээр сургууль 89,88 хувь, БЗД-ийн 14 дүгээр сургууль 97,3 хувь тус тус дулааны зардлыг хэмнэсэн гэдэг нь бодит байдал дээр нотлогдохгүй байна.

8. Захиалагч БШУЯ-аас энэ төслийг хэрэгжүүлэх болсон үндэслэл, “Технологи нэвтрүүлэгч”-ийн гаргасан дүгнэлтийг “Аудит”- ын байгууллагаар шалгуулах нь зүйтэй

9. Цахилгаан эрчмийг ТЭЦ дээр нүүрс шатааж, утаа гаргаж үйлдвэрлэдэг тул агаарын бохирдлыг бууруулсан зүйл үгүй,  мөн дамжуулах сүлжээний ашиглалтын зардлыг тооцвол эдийн засгийн хэмнэлттэй бус эдийн засгийн сүйтгэлтэй туршилт болжээ.

 

 

Нийслэлийн Агаарын чанарын албаны мэргэжилтэн                                        Ч.Сэдэд

 

 

(Халаалтын зуух, дулаан хангамжийн системийн температурын ба гидравлик горимын хүрээнд Монгол Улсын Зөвлөх инженер)